Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-05-04 23:46:22

ТАНЫ АНХААРАЛД

      Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 

     Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

ТАВДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

        Тавдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь +9,1...+12,8°C дулаан байдаг байна. Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1979-1982, 2014-2016 оны хооронд дараалан ОЖД-аас хүйтэн байсан бол 1999-2002 онуудын 5-р сар дараалан ОЖД-аас дулаан байсан байна. Харин 1995 оны 5-р сард ОЖД-аас 3°С-аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн 5-р сар болсон бол 2017 оны 5-р сар нь ОЖД-аас 2.1°С-аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан 5-р сар болж өнгөрсөн байна.

        Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дундаж нь Хутаг-Өндөр, Баян-Агт, Бугат, Булган, Сэлэнгэ, Хангалд 21,5-28,1мм, бусад нутгаар 13,2-19,9мм ордог байна. Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1987, 1993-1996 онуудын 5-р саруудад дараалан ОЖД-аас бага байсан бол 1988, 2002-2003, 2010, 2014, 2023 онуудад ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсон байна. 2018 оны 5-р сард нийт нутгийн дунджаар ОЖД-аас 8.5 мм-ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 5-р сар болсон бол 2003 оны 5-р сард ОЖД-аас 17.6 мм-ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойших хамгийн ахиу тунадастай 5-р сар болсон байна.

ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ  

            Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр агаарын температур ОЖД-аас сэрүүсэх төлөвтэй байгаа бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон дүнд үе хоёрдугаар арав хоногийн дундаас гуравдугаар арав хоногийн дунд үе хүртэл ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна.

        Энэ сард нийт нутгаар ОЖД-аас ахиу бороо, нойтон цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

2024 оны 05 дугаар сарын температур, хур тунадасны явц

 [ Улаан–агаарын дундаж температур ОЖД–аас дулаан, хөх–агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, хар тод зураас–агаарын дундаж температурын ОЖД утга, тасархай зураас–агаарын дундаж температурын ОЖД–аас хазайх хазайц, ногоон–хур тунадасны хэмжээ]

Агаарын дундаж температур                                                                  Хур тунадас

      

ЗӨВЛӨМЖ      

        Нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажлуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна.

 

                       БУЛГАН АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

                        МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС